Агуулга руу очих

Монгол хүүхэд бүлгэм

МОНГОЛ ХҮҮХЭД САНААЧИЛГА


ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ДАГАСАН НЭГДЭЛ

Аливаа зүйлийг хийж бүтээхэд санал санаачлагаас гадна хамгийн гол нь ямар баг бүрдсэн байна вэ гэдэг их чухал. Тэгвэл Монгол Хүүхэд санаачлага маань сэтгэл нийлсэн, бие биеэ сайтар ойлгож чадах залуус юм. Ихэнхи хүмүүс блог гэдэг юу болохыг ойлгодоггүй, мэдэх нэг нь цагийн зугаа гаргах нэг хэрэгсэл мэтээр ойлгодог. Магадгүй энэ тийм байж болох ч блог ертөнцөөс бүтээлч, хамт олонч, бие биеэ ойлгодог найзууд төрж, хамтран ажиллах түншээ олон ажиллах блог гэсэн нэгэн хүчирхэг хүрээлэн бидний нийгэмд гарч ирээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй юм. Монгол Хүүхэд санаачлагын баг бол хийсвэр ертөнцөөс бодит амьдралд биелсэн нэгэн цул баг билээ. Өмнө хэн хэнийхээ нүүр царайг таньж мэдэхгүй, хаана юу хийдгийг мэдэх ч үгүй хүмүүс блог гэх ертөнцөөр дамжин тухайн хүмүүсийнхээ дотоод сэтгэлийн нууцыг мэдэрч танилцан, үзэл санаа, ертөнцийг үзэх үзлийн хувьд ойлголцон танилцаж улмаар бодит амьдрал дээр анхны уулзалтаараа тэврэлдэж олон жил уулзалдаагүй сайн анд нөхөд уулзаж байгаа мэтээр уулзан нөхөрлөх болсон юм.

БИДНИЙ ЗОРИЛГО 

Манай бүлгэм нь Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд туслах, дэмжих зорилгоор сайн дураар хамтран олон шинэ санаа сэдэж, санаачилга болгон хэрэгжүүлэхийг дэмжих зорилготой байгуулагдлаа. Бид үйл ажиллагаандаа 2 үндсэн зарчим баримтална:
  • Нэгт. Бид өрөвдөлтэй ноорхой хүүхдүүдийн зураг бичлэг тавьж гадны байгууллага хувь хүнээс хөрөнгө мөнгөний дэмжлэг авахыг урьтал болгохгүй. Бидэнд өөрсдөд маш их нөөц боломж бий. Нэг л өдөр Монгол орон маань гадны тусламжаас хараат байхаа больж өөрийн хөл дээр зогсох хэрэг гарна. Түүний тулд бид эртнээс өөрсдийн хүчинд итгэж, тулгуурлаж, хамтран ажиллах явдлыг хэвшил болгох хэрэгтэй юм. Ингэж чадсан цагт л бид хөгжиж байна гэж ам бардам хэлж чадах биз ээ. Нөгөөтэйгүүр, гадны зээл тусламж, төрийн хөрөнгөөр олон хөтөлбөр төсөл хэрэгживч олон нийтийн ойлголт дэмжлэггүйгээр үзүүлэх нөлөө, үргэлжлэх хугацаа нь багасдагийг бодолцож иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг голчилж буй болно.
  • Хоёрт, бид хүүхдүүдэд эд материалын тусламж үзүүлэхийн чухлыг хүлээн зөвшөөрч ажиллах ч, сэтгэл санааны хувьд дэмжих, урам зориг өгөх, өөрт, өрөөлд, өөрийн ирээдүйд итгэх итгэлийг тэдэнд бий болгохыг нэн тэргүүнд тавина. Хүүхдүүдэд үзүүлэх тусламж хоёр янз байж болно. Нэг нь гуйлгачинд өглөг хаялаг өгч буй мэтээр, тэдний уруу дорой, өөртөө итгэлгүй байдлыг улам сэдрээн “тусалж” болно. Дээрээс шидэж өгөх хүнгүйгээр амь зууж чадахгүй мэт сэтгэгдэл төрүүлж, ходоодыг нь баярлуулахаас цаашгүй ийм үйлдэл сэтгэлийг нь тэтгэж чадахгүй нь ойлгомжтой. Нөгөө нь тэрхүү хүүхдийн сэтгэлийг баясган, хүмүүст, өөртөө, ирээдүйд итгэх итгэлийг бий болгон туслах явдал юм. Монгол хүүхэд бүлгэм нь энэхүү хоёр дахь замыг сонгоно гэсэн үг.
Сэтгэл байгаа цагт арга зам нь олдоно гэдэг бидний гол уриа. Сэтгэл байхгүй бол хичнээн хөрөнгө мөнгө цацаад асуудал шийдэгдэхгүй нь өнөөдөр нэгэнт ойлгомжтой болоод байгаа билээ. Гишүүн болох өөрийн үзэл бодол, хэрэгжүүлэх гэсэн санаагаа бичих боломж хэнд ч нээлттэй энэхүү сайт маань хүүхдүүдийн төлөө сэтгэл зовнил, тусалъя гэсэн чин эрмэлзэлдээ таныг ганцаараа биш гэдгийг тодоос тод харуулж чадна гэдэгт бат итгэж байна.


МОНГОЛ ХҮҮХЭД САНААЧИЛГА ЮУ ХИЙВ

Бидний хамгийн анхны үйл ажиллагаа Австралийн хөрөнгө оруулалттай Яармагийн дэнжид байрлах "Бадамлянхуа" асрамжийн газарт төвлөрч байлаа. Бидний нэгдэж нийлсэн цаг хугацаа нь энэ жилийн илүү сартай, шороо шуургатай хавар байв. Бидний гол тулгуур зарчим нь аливаа зүйлийг хийхэд заавал их мөнгө төгрөг, нөөц бололцоог хүлээх хэрэггүй, тэр болгоныг бүрдэхийг ч хүлээх мөн хэрэггүй. Зүгээр л бусдад туслахад өөрт ямар боломж байна тэр боломжуудыг харж хүлээж ажиллах байсан юм.
  • Зөөврийн компьютерт хүүхдийн кино, дуу шүлэг буулган үүрээд асрамжийн газраар явж хүүхдүүдтэй ярилцан, киногоо үзүүлэн, дуу шүлгээ зааж сургах
  • Мөнгөө нийлүүлэн үлгэрийн номоос эхлүүлээд, сурах бичиг цуглуулан хэрэгтэй хүүхдүүдэд нь түгээх
  • Хүүхдүүдтэй нэг өдрийг ая тухтай өнгөрүүлэн явган аялал хийх
  • Буянт-Ухаа цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч нартай нийлэн тус сургууль дээр Сайн Үйлсийн аян өрнүүлэн хувцас цуглуулан Бадамлянхуад өсөн торниж байгаа дүү нартаа аваачиж өгөх зэрэг үйл хийсэн бөгөөд
  • Бадамлянхуан авьяаслаг багачууд сайхан сэтгэлт ах, эгч нартаа зориулан урлагийн тоглолт бас хийсэн юм.
За тэгээд цаашид хийсэн, хийх зүйлсийн маань талаар энэхүү сайтаас маань мэдээлэл авч бас хамтран оролцохыг урьж байна.


БИД ЦААШИД ЮУ ХИЙХ ВЭ? 

Бидний дундаас төрж байгаа ажлын санал их бий. Та ч бас өөрийн саналаа бичиж, бидэнтэй хамтран өөрсдийн гараар ирээдүйгээ бүтээлцэж, өөрсдийн ирээдүйд хувь нэмрээ оруулцгаая. Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэж үг байдаг. Түүн шиг иймэрхүү зүйлүүд хийгээд ирээдүй хойч үедээ бага ч болов хөрөнгө оруулалт хийж чадвал эргээд бид 10-20 жилийн дараа ямар орчин, ямар нийгэмд, ямар хүмүүс дунд амьдрах маань тодорхойлогдох байх. Зүгээр суухаар зүлгэж суух уу?


| хавчуулах | Биздэх | Илгээх | Сэтгэгдэл (2) | 3205 хүн уншсан
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:

goe site bna
bayaraa хэзээ бичсэн: 13:44, 2009-10-25 | Холбоос | |
hiisleliin tsagdaagiin gazariin huuhdiin albanaas hamtran jillah bidnii uud haalga urgelj neelttei bh bolno
B.BAATARKHUU хэзээ бичсэн: 07:04, 2009-06-26 | Холбоос | |



:-)
 
<< Эхлэл | < Өмнөх | Дараах >

Нийт: 25-с 25-р хуудас.

Шинэ сэтгэгдлүүд

Манай зарим гишүүд

obod shuudshuud ayunga oogiinoo

Тоолуур

2009 оны 6-р сараас хойш 135775 дахь зочин маань та боллоо. Баярлалаа.