Агуулга руу очих

Монгол хүүхэд бүлгэм

Монгол Улсын хамгийн залуу дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэдээ баяр хүргэе
Шатрын өсвөрийн дэлхийн аварга гэсэн хүндтэй цолыг Д.Номин-Эрдэнэ маань хүртлээ. Тэр Грекийн Порто Каррас хотноо 10 сарын 20-30-ны өдрүүдэд болсон шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээсдөнгөж наймхан настайдаа дэлхийн тавцанд тэр тусмаа оюуны спортод улсынхаа нэрийг өндөрт гаргалаа. Баяр хүргэе. Энэ бяцхан охинд ахиад аваргын титмийг хүртэх зөндөө цаг хугацаа, ур чадвар байна.  Түүний амжилт шатарт хорхойтой, сонирхож хичээллэдэг маш олон хүнд урам зориг өглөө.

Энэ баярт мөчид Номин-Эрдэнийн аав Даваадэмбэрэл, ээж Уянга, дасгалжуулагч, БТСДС-ийн багш Баттүвшин, “Цэцэн нүүдэл” клубын эрхлэгч Эрдэнэдорж, бас Номин-Эрдэнийн өвөө, эмээ, хамт бэлтгэл хийдэг бүх найз нөхдөд нь, Монголын шатрын холбоонд халуун баяр хүргэе. Яагаад гэвэл тамирчин хүний амжилтын цаана түүний төлөө зүтгэдэг, сэтгэл санаагаа зориулдаг маш олон хүний хөлс хүч, итгэл зүтгэл байдаг билээ.



Түүнийг бид Номин гэж дууддаг юм.  Миний мэдэхийн бараг л 4 настайгаасаа л Эрдэнэдорж багштай “Цэцэн нүүдэл” клубт өөртөө томдсон модон шатар барьсан жижигхээн охин явдаг байсансан.  Бяцхан үүргэвч үүрч, харах тоолонд л түүнээсээ чихэр, бохь, амттан гаргаж идсэн айлын эрх охин байлаа. Хүүхэд л болсон хойно сахилгагүйтэж, тэмцээн уралдаанд хэнэггүй зангаасаа болж буруу нүүн ээж аавдаа, багшдаа загнуулж, тунирхаж, инээж заримдаа бүр уйлчихсан, аав нь хажууд нь загнаад л зогсож байдаг байлаа. Тэр гэртээ бусад охидууд шиг ээждээ загнуулж, тэрсхэн төрсөн 2 дүүгээ асарч, гэрээ цэвэрлэж, хичээлдээ явдаг жирийн л нэг охин. Харин одоо тэр дэлхийд данстай “том” хүн боллоо. Гэсэн ч түүний эгчийн, сургуулийн сурагчийн, айлын том охины үүрэг хэвээрээ л байх болно.

Дэлхийн аварга гэсэн энэ хүндтэй цолыг авахын тул түүний гэр бүл бүтэн 4 жил нөр их хөдөлмөр гаргасныг хажуугаас нь харж байсны хувьд би сайн мэднэ. Ази тив болон дэлхийн аваргын тэмцээнд Номин маань 3 жил дараалан тасралтгүй явсан. Мэдээж энэ бүх тэмцээнд Шатрын холбооноос эсвэл улсаас зардал мөнгө өгдөггүй гэдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй л дээ. Аав ээж нь хуруу хумсаа хуйхлан байж талхныхаа хэдэн төгрөгөөс илүүчилж, заримдаа өвөө эмээгээс нь, найз нөхөд, хамаатан саднаасаа гуйж, зээлж, бас дараа жил хүүгээ охиноо бусад улсын хүүхдүүдтэй тоглож, нүд нээж, ухаан нэмэг гэж хурааж байж тэмцээнд явуулдаг бусад эцэг эхчүүдийн л адил. Харин заримаас нь илүүтэй нь Номингийн маань аав ээж нь охиноо шатраар хичээллүүлэхийн тулд ажил албаа хүртэл орхиж, аав нь шатар сурч, дэд мастер цолонд хүртэл хичээллэж, одоо шатрын клуб ажиллуулж эхлээд байгаа.

Ер нь ажаад байхад хүүхдийг амжилтанд хүргэхийн тулд түүний сонирхон хичээллэж байгаа чиглэлээр эцэг эх нь эсвэл, ойр дотны хүмүүс нь өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй байдаг бололтой. Зөвхөн багшид даатгаад, дасгалжуулагчид итгээд орхих нь өрөөсгөл гэдгийг амьдрал маш олон зүйл дээр нотолж байна. Жишээ нь дэлхийн аваргын 2 удаагийн мөнгөн медальт Их мастер Б.Мөнгөнтуулын дасгалжуулагчаар аав нь явдаг. Номингийн хувьд ч мөн адил. Охиныхоо зан аашийг мэдэх, яаж харьцвал илүү их хурцалж чадах вэ гэдгийг арван хуруу шигээ мэддэг аав нь хамт явж, ах дүү шиг өссөн багш нь зааж сургасан болохоор түүнд энэ удаа маш том боломж байсан юм. Энэ тэмцээнд  түүнээс зөвхөн алтан медалийг л бүгд хүсэж байсан. Тэд энэ удаагийн тэмцээнд хүссэн амжилтаа үзүүлж, алс хол Грек улсын тэнгэрт улаан хөх хосолсон алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж чадлаа. Харин тэр сэтгэл догдлом мөчид энэхүү дэлхийн аваргын тэмцээнд явсан баг бүрэлдэхүүн тэр аяараа баярын нулимстай байсан бизээ.

Шатрын спорт гэдэг нас ахих тусмаа өрсөлдөөн ихтэй, амжилт үзүүлэхэд хэцүү спорт. Тэр тусмаа дэлхийн хэмжээнд. Яагаад гэвэл Энэтхэгээс, Оросоос, ер нь л Монголоос бусад орноос оролцож байгаа тамирчид маш өндөр хэмжээний бэлтгэл сургуулилттай, системтэй бэлдсэн хувийн дасгалжуулагч багшаас гадна сэтгэл зүйчтэй явдаг юм байна  лээ. Эдгээр акулуудтай бор зүрхээрээ хичээллэж буй монголын жирийн нэг охин энэ тэнцүү хүч үзэж, аваргын алтан медалийг аархаж хүртсэн нь үнэхээр бахархалтай. Гэхдээ түүний энэ амжилт удаан хугацааны хичээл зүтгэл, маш олон хүний итгэл сэтгэлийн хүчээр ирсэн юм шүү.

Монголын авьяаслаг залуус дэлхийн тавцанд спортын маш олон төрлөөр түм буман хүн амтай бусад улс орныг чичрүүлж байгаад монгол хүнийхээ хувьд сэтгэл тун хангалуун байна даа. Улсынхаа нэрийг мандуулж байгаа бүх чадварлаг тамирчиддаа өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.


Мэдээллийн эх сурвалж: http://www.monkey.mn/news/2029/read
| хавчуулах | Биздэх | Илгээх | Сэтгэгдэл (5) | 1160 хүн уншсан
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:

чамд маш том амжилт тохиож байна би чамайг хараагүй ч гэсэн нүдэнд чинэ баярын жавхаа харагдаж байна чамд амжилт хүсие
Зочин хэзээ бичсэн: 22:38, 2014-12-09 | Холбоос | |
bayar hurgiye monolchuud bidnii baharhal shuu!!
Зочин хэзээ бичсэн: 19:17, 2013-12-02 | Холбоос | |
Охиныхоо нэрийг ашиглаж монго олох гэсэн аав ээж бна даа клубтэй болох ч дэмийл юмшиг санагдаж бна даа тэгээд заах арга энэ тэр хэрэгтэй биздээ охин нь аварга болоод л аав нь шатар заагаад байх хэрэг уу сонин юм бас хол андуурчээ
Дондог (зочин) хэзээ бичсэн: 15:17, 2013-05-20 | Холбоос | |
алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 16:06, 2011-06-07 | Холбоос | |
whew!
Зочин хэзээ бичсэн: 16:01, 2011-05-11 | Холбоос | |



:-)
 
<< Эхлэл | < Өмнөх | Дараах >

Нийт: 25-с 2-р хуудас.

Шинэ сэтгэгдлүүд

Манай зарим гишүүд

obod shuudshuud ayunga oogiinoo

Тоолуур

2009 оны 6-р сараас хойш 135813 дахь зочин маань та боллоо. Баярлалаа.